Онцлох
"ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ" ХҮҮХДИЙН ЭРХИЙН АЛХАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх мэдээлэл, мэдлэгийг түгээж цагийг эрүүл, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн “Хүүхдийн ертөнц” хүүхдийн эрхийн алхалтыг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон Явган алхалтын холбоо, Эрүүл мэндийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв хамтран зохион байгууллаа. Алхалт Чингүнжавын талбайгаас гараагаа эхлүүлж, Соёмбо цогцолборт барианд орсон.
Арга хэмжээний нээлтэд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ч.Дашбаяр, ЯАХолбооны тэргүүлэгч Б.Анхбаяр нар оролцож, алхалтын гарааг эхлүүлэв. Тус алхалтад агентлаг, байгууллагын дэргэдэх “Эцэг, эхийн зөвлөл”-ийн гишүүд болон иргэд сайн дураараа нэгдэн 100 орчим хүн хамрагдав.
Оролцогчдод алхангаа эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ, хүүхдийн эрхийг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад гэр бүл, эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай талаарх мэдээлэл өгсөн.
Мөн “Эрүүл мэнд”, “Танин мэдэхүй”, “Хөгжлийн өртөө” зэрэг 3 өртөөгөөр аялж, хэрэгцээт мэдээ, мэдээллийг олж авсан. Өртөө бүрт оролцогч нарт зориулсан тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллалаа. Үүнд:
“Эрүүл мэндийн өртөө”- өөр дамжуулан аймгийн ЭМГ-ийн мэргэжилтнүүд алхалтын ач тус, өглөөний цайны талаарх мэдээллийг өгч, өглөөний цайны булангаар зочлуулав. “Танин мэдэхүйн өртөө”-өөр дамжуулан хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаарх мэдээллийг өгсөн. Мөн аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дэргэдэх тусгай хэрэгцээт хүүхдүүдийн гар урлалын үзэсгэлэнтэй оролцогчид танилцаж, 12 бүтээлийн худалдан авалт хийсэн. “Хөгжлийн өртөө”-өөр дамжуулан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын мэргэжилтнүүд алхалтын бариа болох Соёмбо цогцолборт оролцогчдод дасгал хийлгүүлж, хөгжөөнт тоглоом тоглуулан, хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой асуултуудаар тэдний мэдлэгийг дүгнэсэн. “Хүүхдийн ертөнц” хүүхдийн эрхийн алхалтад оролцогчид дараах зүйлийг иргэд, олон нийтэд уриаллаа.
1. Хүүхдийн эрхийг дээдлэн, гэр бүлдээ өдөр бүр чанартай цаг гаргадаг байх.
2. Эцэг, эх, асран хамгаалагч, иргэд олон нийт байгууллагууд 06 дугаар сарын 01- ний өдрөөс эхлэн “Гэртээ эрт харья” аянд нэгдэж, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлж, хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх.
3. Байгууллага бүр хүүхдэд ээлтэй хүүхэд хамгааллын бодлого, журмыг батлан мөрдөх.
Дэлгэрэнгүй »